Saturday , May 30 2020

АН-ЫН ГИШҮҮД С.ЭРДЭНИЙГ НАМЫН ДАРГЫН АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДЛАА

АН-ын хэсэг гишүүд өнөөдөр намын дарга С.Эрдэнийг огцруулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэд С.Эрдэнийг 15 үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байгаа аж. 

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Манай намын удирдлагад гарчихаад байгаа бүлэглэл, бүлэглэлийн хамсаатан болсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар хариуцлага хүлээж огцрох ёстой. Тэднийг огцор гэж удаа дараа шаардаж, тэмцэж байгаа. С.Эрдэнэ бол нэг арга барилтай. Хүссэн хүнээ намаас хасдаг. Шүүмжилвэл намаас хөөдөг. Нэг хүний дарангуйллыг тогтоосон, коммунист нам болгож байна. АН-ын удирдлагууд ард түмний эрх ашгийн талд зогсож чадахгүй байна. Мөн намынхаа гишүүдийн үзэл санааг огт сонсохгүй байна. Бид 15 үндэслэлээр С.Эрдэнийг огцрох ёстой гэж шаардаж байна.

Тодруулбал, Монголын улс төрийн манлайлагч хүчин Ардчилсан Намыг “МАНАН-МАФИ”-ийн хамсаатан болох С.Эрдэнэ удирдсан мөчөөс эхэлсэн улс төрийн алдаатай бодлого, үйл ажиллагаанаас үүдэн тус нам хагаран хуваагдаж, намын гишүүд, дэмжигчдийн итгэл алдарч, олон нийтийн дэмжлэг огцом буурч байна. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат та нар “МАНАН-МАФИ”-ийн эрх ашгийг хамгаалсан санал өгөхийг УИХ-ын дахь бүлгийн гишүүддээ хүчээр тулгаж, улмаар ард түмний язгуур эрх ашгийн төлөө санал өгсөн Л.Болд, Ж.Батзандан нарыг намаас хөөснөөр УИХ-д Ардчилсан нам бүлэггүй болж, Парламент дахь хяналтын тогтолцоо үгүй боллоо.

С.Эрдэнэ нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар болон, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж дампуурсан Капитал банканд нийгмийн даатгалын мөнгийг байршуулсан, улмаар өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт хардагдаж, намын нэр хүндийг унагалаа. Намын бүхий л бодлого, шийдвэр, үйл ажиллагаа Худалдаа хөгжлийн банк болон цөөн олигархуудын захиалгаар хийгддэг болж, Ардчилсан нам “МАНАН-МАФИ”-ийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болсон зэрэг 15 үндэслэлээр С.Эрдэнийг огцрохыг шаардаж байна” гэв. 

Check Also

С.Баярцогт, Н.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг цагдан хорилоо

АТГ-аас өчигдөр нэр бүхий хэд хэдэн хүнийг саатуулжээ. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий …