Thursday , March 21 2019
Home / СОНИН / МАХН ТАМГАТАЙ, ТАМГАГҮЙ ХОЁР ДАРГАТАЙ БОЛОВ УУ

МАХН ТАМГАТАЙ, ТАМГАГҮЙ ХОЁР ДАРГАТАЙ БОЛОВ УУ

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
МАХН-ын II Их чуулган өнгөрсөн бямба гаригт Төрийн ордонд боллоо. Энэ Их чуулганаас тус нам тамгатай, тамгагүй хоёр даргатай болсон юм. Уг Их чуулганаар Н.Энхбаярыг МАХН-ын даргаас чөлөөлж намын шинэ даргыг сонгосон нь олны анхаарлыг татав. Үүн дээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийг МАХН-ын гишүүд мөн, биш гэсэн маргаан өнөөдөр ч үргэлжилж байна. Намын даргад О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нар дэвшсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Их чуулганы төлөөлөгчдийн 94.4 хувийн саналыг авснаар намын дарга болов. Тэрбээр МАХН-ын даргаар сонгогдсон даруйдаа “МАХН-ын дуу хоолойг төрд хүргэхийг хүсч байна. Хэдийгээр  би ганцаараа ч 2020 онд томоороо ялахыг хүсч байгаа юм. Удирдлагууд маань энэ их хурлыг тансаглал гэж хэлж, үл тоож, хүчингүй гэж зарлаж, гүтгэж байгаад харамсч байна. Гэхдээ бид учраа олно гэж найдаж байна. Том зорилгыг биелүүлэхгүй бол том итгэл алддаг. Бид том зорилго биш жижиг, тэгсэн хэрнээ жинхэнэ зорилго тавина” гэв.


Хэдийгээр О.Баа-санхүүгийн талаас энэ Их чуулган МАХН-ыг бүрэн төлөөлнө гэж мэдэгдэж буй ч МАХН-ын дарга Н.Энхбаяр болон ЕНБД Э.Эрдэнэжамъяан, нарийн бичгийн дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нар оролцоогүй. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар оролцсон хэдий ч “Энэ хурал бол хүчин төгөлдөр биш. Энэ бол луйвар. Ирж оролцож байгаа хүмүүст бол буруу байхгүй. Харин энэ бүхнийг зохион байгуулсан О.Баасанхүү, Г.Бямбасүрэн гэж хоёр луйварчны буруу. Шүүх дээр артай хүмүүсийн хийж байгаа ажил. Төрийн өндөр хамгаалалтад, бийлэгжүү байдлаар энэ хурлыг хийнэ гэдэг бол хэдэн оффшортнуудад худалдагдсаны жишээ. Тиймээс би хүмүүст зөв мэдээлэл өгөх гэж өнөөдрийн хуралд оролцож байгаа юм. Зүгээр л МАХН-ын нэр барьсан цуглаан болж байна. Бид өөрсдөө Их хурлаа зарлаж, хоёрдугаар сард хуралдуулна” гэж мэдэгдэж байлаа. Түүнчлэн Төрийн ордны гадаа ирсэн УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ “О.Баасанхүү биднийг урьсан гэж хэвлэлд яриа өгсөн байна лээ. Үнэндээ урилга ирээгүй. Гэхдээ  манай намын үйл ажиллагаа юм бол бид орох хүсэлтэй байна. Энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоогүй. Манай намын гишүүн эсэх нь мэдэгдэхгүй танихгүй хүмүүс Төрийн ордон руу нэвтрээд байгаа мөртлөө биднийг оруулахгүй байна” гэж сошиал хуудсаараа мэдэгдээд буцсан юм.
Түүнчлэн МАХН-ын Их чуулганыг ямар ч тамга тэмдэггүйгээр зүгээр л сонирхогчдын хүрээнд зохион байгуулж байна гэсэн шүүмжлэл ч гарав. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тамга хурал зохион байгуулах шийдвэрийг баталгаажуулдаггүй юм. Тогтоол баталгаажуулна. Гэвч тогтоол заавал тамгаар баталгаажуулна гэсэн хууль байхгүй. Аравдугаар сард хуралдсан Бага чуулган гуравны хоёрын ирцтэй хуралдсан учраас хүчин төгөлдөр юм. Хоёрдугаарт, Их чуулганы оролцогчдыг сонгох журам хуулийн хүрээнд явагдсан. Тамгаа аваад нуучихсан юм чинь эд нар чадахгүй гэж бодоод байх шиг байна. Бид хэн нэгний өмч биш. Хууль зөрчсөн эсэхийг шүүх тогтооно. Намын гишүүд нь хуралдаа оролцохоор зориод ирсэн байхад хоёр талцуулаад явж байгаа дарга хэнд ч хэрэггүй. Тиймээс бид намын даргыг огцруулсан. Хурлаа амжилттай хийгээд, материалаа Дээд шүүхэд өгнө” гэж мэдэгдэж байв.
О.Баасанхүүгийн хувьд туршлагатай, чадвартай хуульч нэгэн. Энэ маргаан цаашид шүүх, хуулийн ямар процессоор явагдахыг гадарлаж байгаа нь дамжиггүй. Харин Н.Энхбаяр бол нэр нь брэнд болсон улстөрч юм. Түүнгүйгээр тус намыг төсөөлөх аргагүй цаг үе ч байлаа. Үүн дээр өмнө нь Хөдөлмөрийн үндэсний намыг хагалан бутаргасан гэгдэж багагүй хэл аманд өртсөн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар өнөөдөр МАХН-ын дэд даргын статустай байгаа. Ийм туршлагатай тоглогчид нэг өрөг дээр эсрэгцэн гарч ирж байна. Тэгэхээр үйл явдал хаашаа эргэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

 

ФБ сэтгэгдэл

Check Also

1497243261593e1e7dcd38d

Сэрэмжлүүлэг: 946 хүн хачигт халдвараар өвчилжээ

Хачгаар дамжих халдварт өвчний хүний өвчлөл өсөх хандлагатай байна. Он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний …