Saturday , May 30 2020

БӨХИЙН ТААВАР: Энэ наадмаар аз од нь гийсэн АРСЛАН ба ХАРЦАГА цолтон өнгөлнө

MG_50071Их Монгол Улсын 811, Хүннү гүрэн үүссэний 2226 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Хоног тоолон хүлээдэг наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд түрүү бөх аль нутгийн, хэн гэгч байх талаар дор бүрнээ ярилцаж байна. Энэ наадмаар аз од нь гийсэн арслан ба харцага цолтон өнгөлөх магадлал маш өндөр гэсэн таамаг дэвшүүлэн энэхүү нийтлэлээ эхлүүлье.

АРХАНГАЙ: ХҮЧТЭЙ, ШАРТАЙ Р.ПҮРЭВДАГВА АРСЛАНД ОДОО ТҮРҮҮ Л ХЭРЭГТЭЙ

Хүчтэнүүдийн өлгий нутаг арын сайхан хангайгаас энэ наадмыг өнгөлөх бөхчүүд хэд хэд бий. Өнгөрсөн жилийн түрүү бөх Ч.Санжаадамба арал бяр, аварга цол гээд бөх хүнд байх бүхий л шинж бүрдсэн түүнийг дахин түрүүлэхэд гайхах зүйлгүй.

Хүчтэй, шартай, шийдэмгий арслан Р.Пүрэвдагвыг огтоосоо тооцооноос хасаж болохгүй. Төрийн наадамд үзүүрлээд үзчихсэн түүнд одоо түрүү л хэрэгтэй. Наадмын бэлтгэл сургуулилтдаа гарсан түүний бие хаа ихэд чангарч, жин нэмсэн харагдана лээ. Мөн энэ аймгаас улсын цолны босго алхах залуус цөөнгүй. Улсын наадмын начин цолны төлөө барилдаад үзчихсэн аймгийн арслангууд болох Цэнхэр сумын М.Бадарч, адуу өргөдөг Ц.Цогт-Эрдэнэ, Ю.Пүрэвжаргал гээд залуус начин цолтны тоонд зүй ёсоор багтана.

УВС: П.БҮРЭНТӨГС АРСЛАН ДААГАА НЭХЭХЭЭР БЭЛТГЭЖ БУЙ НЬ ТОДОРХОЙ

Ардын төрийн арван таван түрүүтэй, сүүлийн найман жилийн дөрвөн түрүүг нь хүртээд буй Увс нутгийн идэрхэн аварга, арслан, харцагууд энэ наадмын гол өрсөлдөгчид мөнөөсөө мөн. Улсын аварга С.Мөнхбат шийдэмгий дайчин барилдаантай, хоёр шуудаа бяртай түүнийг энэ наадамд дээшээ барилдах болов уу гэж бодож сууна.

Өнгөрсөн жилийн наадмын наймын даваанд аварга цолтноо амалж аваад тахим буулгасан билээ. Улсын арслан П.Бүрэнтөгс арал чацаа зөв ашиглаад барилдвал түүнийг өвдөг шороодуулах бөх тун ховор. Мөн л өнгөрсөн жилийн наадмын наймын даваанд тухайн үед өсөх идэр начин байсан Р.Пүрэвдагвыг амалж аваад нилээн маргаантай барилдаан болж, монгол бөхийн түүхэнд наадмын талбайд уйлан “мөргөсөн” түүхэн барилдааныг хийсэн. Эцэс сүүлд нь барьц сонгуулаад унасан нь саяхан мэт. Цаг хугацаа яасан хурдан өнгөрнө вэ.

Хоёр бөх энэ жилийн наадмын долоо, наймын даваанд ч таарах магадлал тун өндөр. Тиймээс Р.Бүрэнтөгс арслан даагаа нэхэхийн тулд нэгийг бодож, хоёрыг тунгааж буй биз ээ. Түүнчлэн гурван үеийн удамт бөх Улсын арслан Н.Батсуурь сийрэгхэн барилдаантай, шийдсэн мэхтэй, сэтгэл зүй өндөртэй арслан. Энэ өвөл заалны барилдаанд завсаргүй шахам амжилттай барилдсан их өнгөтэй байгаа.

Өнгөрсөн жилийн арслан цолны даваанд мөн л Р.Пүрэвдагва арсланд өвдөг шороодсон билээ. Улсын харцага Ө.Бат-Орших энэ наадмын онцлох бөхчүүдын нэг яах аргагүй мөн. Бөхийн хүрээнийхэн түүнийг их ухаалаг гэх юм билээ. Өвөл хаврын хоёр ч барилдаанд түрүүлээд байгаа түүний барилдааны ур чадвар, бяр хүч хэрхэн өөрчлөгдсөнийг харсан буй заа.

Басаж боломгүй Т.Баасанхүү. Хараа гүйцэмгүй уран, хурц барилдаантай түүнийг харж баясах фэнүүд тун чиг олон. Томчуудаас хэнийг нь ч давж мэдэх тэрээр өндөр давааны хатуухан учраа байх болов уу. Увс нуур галаас энэ наадамд улсын цол хүртэх шижигнэсэн залуус цөөнгүй. Монгол бөхийн хийц галбир сайхантай хурц арслан О.Гантулга хурц арслан Г.Ганням аймгийн арслан Н.Ганзориг, Х.Оргилболд,Д.Тогтохжаргал Ц.Мөнхбаяр гэм мэт залуус наадамчин олонд хүлээлт үүсгээд буй.

ЗАВХАН: ЭНЭ НААДМЫГ ӨНГӨЛӨХ БӨХЧҮҮДИЙН НЭГ ЯАХ
АРГАГҮЙ Б.ГОНЧИГДАМБА

Сүүлийн жилүүдийн наадмаар түрүү л хүртээгүй болохоос энэ нутгийн хүчирхэг эрс наадмын дэвжээнд хүч түрэн орж ирээд байгаа билээ. Б.Гончигдамба начин цол хүртсэнээс хойш тасралтгүй зургаан жил шөвгөрөөд буй хүчит гарьд. Энэ наадмыг өнгөлөх бөхчүүдын нэг яах аргагүй мөн билээ.

Өнгөрсөн жилийн наадмын зааны даваанд Р.Пүрэвдагва арсланд тахим буулгасан юм. Энэ жилийн наадамд нэлээд дээшээ үзэх байх гэсэн таамаг олон бөх сонирхогчийн амнаас дуулдана лээ. Ш.Жаргалсайхан аймаг цэргээс эхлээд уран хурц барилдаанаараа үзэгч олондоо танигдсан гарьд. Нутгийн залуу үеээ дэмжчихгүй бол шөвгөрөх л бөх.

Д.Бат-Эрдэнэ энэ нутгийн өнгөнд барилдах бөхчүүдийн нэг залуу харцага. Аварга арслангуудад амлуулаад шөвгөрч, улмаар цолоо ч баталж мэднэ. Нас залуу, цус шингэн. Их ирээдүй хүлээж байгаа даа. Түүнчлэн энэ аймагт улсын цол горилох залуусыг нэрлэвэл  Ш.Пүрэвгарьд,  н.Ганбаатар С.Батсүх Т.Бэгзсүрэн нар байна.

БУЛГАН: И.ДОРЖСАМБУУ ГАРЬД НУТГИЙН ЗАЛУУСАА
ДЭМЖИХ МАГАДЛАЛ ӨНДӨР

Эрт дээр үеэсээ бөхийн арвин түүхтэй энэ нутгаас дээшээ барилдах бөхчүүд чамгүй олон. И.Доржсамбуу цагтаа бас л өөрийгөө мэдрүүлж явсан. Гарьд маань цолны даваанд нутгийн залуучуудаа дэмжих магадлал тун өндөр. М.Өсөхбаяр хурдан даваад уран гоё дэвээд ирвэл ч бас урамтай барилддаг заан шүү дээ. Д.Баасандорж өөрийн гэсэн онцлог хэв маягтай барилддаг заан. Энэ наадмаар нутгийн залуусыг дэмжчихгүй бол эвгүй л өрсөлдөгчдийн нэг.

Бөмбөрцөгийн бөх Н.Түвшинбаяр их спортын суурьтай харцага. Хүн бүрийн эвгүй өрсөлдөгч байх болов уу. Э.Энхбат улсын баяр наадамд гурвантаа тав даваад буй унаа холтой начин. Мөн л томчуудыг нураагаад дээшээ гараад ирэх магадлалтай. Аймгийн наадмаа зорьчихгүй бол улсын цол горилох залуусын тоонд Хурц арслан Ө.Сүхбат, Г.Ганбаатар Б.Батэрдэнэ Т.Амаржаргал нар яалт ч үгүй багтана. Тэднээс гадна аймгийн заан Б.Түмэндэмбэрэл  гэж энэ өвөл бөхийн өргөөнд болсон барилдаануудад томчуудын “шүдний өвчин” болсон залуу ч байна.

ХӨВСГӨЛ: ДОЛООГИЙН ДАВААГ ДАВЧИХВАЛ Ц.СОДНОМДОРЖ ТҮРҮҮЛЖ МЭДНЭ

Нэг аймгийн нэг сум, нэг голоос гурван аварга төрсөн нутаг өнөө цагт Хөвсгөлөөс өөр хаана ч алга. Х.Мөнхбаатар улсын наадамдаа тасралтгүй арван жил шөвгөрсөн хүчит арслан. Начны даваанд хэн нэгнийг дэмжиж мэднэ. Эсвэл нутгийн харцага Ц.Содномдоржид өндөр даваанд тахим өгч мэдэх л юм. Ц.Содномдорж энэ наадмын түрүү бөхөөр тодорч магадгүй гэсэн хүлээлт тээж яваа харцага яах аргагүй мөн. Улсын наадмын долоогийн давааг л давчихвал түүнийг арслан цолны төлөө барилдах бөх гэдэгтэй бөх сонирхогч монгол түмэн маргахгүй биз ээ.

Өнгөрсөн жилийн наадмын зааны даваанд Б.Пүрэвсайхан заантай тунаж барилдаад тун харамсалтай өвдөг шороодсон. Энэ жилийн наадмаар холыг харж, өндөр цолонд хүрч, хоймор нутгийнхаа олны магнайг тэнийлгэх биз ээ. Чөлөөт суурьтай, сийрэг барилдаантай А.Батмөнх начин цолоо баталж магадгүй.

Өнгөрсөн наадмаар хүч түрэн гарч ирсэн хоёр начин бол Б.Ганхуяг Ч.Хөхчирэнгэр нар юм. Энэ өвлийн заалны барилдаанд их сайн үзэж байсныг санах хэрэгтэй. Түүнчлэн начин цолны төлөө дайралт хийх залуус олон бий. А.Давааням, Б.Даваа-Очир, Ц.Сандагдорж, Б.Хаш-Эрдэнэ нарын зэрэг.

ГОВЬ-АЛТАЙ: НААДМЫН БАРИЛДААНД ХАМГИЙН САЙН БАРИЛДДАГ
ГАРЬД Н.ГАНБААТАР

Залгаа аймаг, хотол хошуунд зартай, цуутай хөх харчууд Засагт ханых. Эрт дээр үеэсээ цуутай хөх харчуудын нутгаас олон сайхан хүчирхэг бөхчүүд бий. Алтай нутгийн хамгийн их хүлээлт үүсгэж буй бөх бол улсын гарьд Н.Ганбаатар. Өндөр нуруулаг гарьд маань улсын их баяр наадамдаа хамгийн сайн барилддаг  бөхчүүдийн нэг. Хааяа нэг хайнга, хичээхгүй барилдаад байгаа юм шиг ажиглагддаг юм. Энэ нь өөрийнх нь онцлог ч байж мэднэ.

Ж.Бат-Эрдэнэ гарьд сумын заанаас шуугиулж эхэлсэн уран хурц, унаа холтой барилдаанч бөхчүүдийн нэг. Сүүлийн жилүүдэд бэртэл гэмтлийн улмаас урьдны барилдаанаа үзүүлж чадахгүй яваа. Бүрэн илааршвал өнгөлж л барилдах хүчтэнүүдийн нэг шүү.

Улсын заан Б.Соронзонболд аймаг цэргээс л өөрийгөө харуулж, тогтмол сайн барилдаж байгаа бөх. Шийдсэн даацтай мэхийг үе үе сайхан хийнэ. Өсөх идэр начин Л.Цэрэнтогтох дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай. Хэн дуртай аавын хүүгийн амар учраа байгүй нь тодорхой.

Малгайны тэмдэгээ дугуй болгох залуус Бүх цэргийн наадмын түрүү бөх хурц арслан Б.Хишигбаатар, хурц арслан Ц.Бямба-Очир, Д.Тангад, аймгийн арслан Б.Отгонбаатар, Б.Суманчулуун, Ж.Алтаншагай, А.Хосбаяр Т.Сайханжаргал гэх мэт олон сайхан залуус байна.

ӨВӨРХАНГАЙ: ХЭН НЭГНИЙГ ЭС ДЭМЖВЭЭС ШӨВГӨРЧ
МЭДЭХ ЗААН Т.САНЧИР

Өнөө маргааш түрүүлнэ гэх бөх олон байхгүй ч эрт дээр үеээсээ алдартай нутаг. Олон төрлийн спортын мастер, үлэмж бадрах арслан Д.Ганхуягаас хойш хараахан түрүү тодроогүй л явна. Бөхийн хорхойтнууд дундаа үнэнч шударгаараа гайхагддаг Б.Сайнбаяр гэж наадмаар л барилддаг мундаг заан байна. Улсын заан Т.Санчир унаа холтой, сайн зогсдог, хариулт мэхтэй.

Дөрвийн нугалаанд хэн нэгнийг эс дэмжвээс шөвгөрч мэдэх л бөх. Улсын харцага Х.Гантулга нягт хийгүй, барилдаанч залуухан харцага. Шөвгөрч улмаар цолоо батлах боломжтой. Цол горилох аймгийн арслангууд цөөнгүй. Аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан Б.Батдорж Ж.Наранбаатар Т.Мягмарсүрэн, Б.Лхагвадорж нараар үргэлжилнэ.

СЭЛЭНГЭ: Г.ЭРХЭМБАЯР АВАРГА БАЙР СУУРИА ХАДГАЛААД
ДЭЭШЭЭ БАРИЛДАХ МАГАДЛАЛТАЙ

Өргөн Сэлэнгэ нутгаас өнөө цагт тогтмол барилдаж байгаа бөхчүүдийн манлай Г.Эрхэмбаяр аварга байр сууриа хадгалаад дээшээ барилдах магадлал их. Бас залуу үеэ дэмжиж мэдэх жудагтай эр хүн. Сүүлийн хоёр наадмын түрүү бөхчүүд аваргын зүүн мөрнөөс адис аваад түрүүлсэн болохоор хишигтэй л юм шиг байгаа юм.

Түүнчлэн улсын харцага Т.Өсөх-Ирээдүй зааны энтэй харцага. Сүүлийн үед барилдах нь эрс багассан. Гэхдээ харих хаа ч юм, өнгөтэй л байна лээ. Өөрөө багшийн эрдэмд илүү хичээгээд байгаа сурагтай. Бас л тархиараа барилддаг бөхчүүдийн нэг.Улсын харцага Б.Одгэрэл тохойны бэртлээс болоод энэ жилдээ нээх хүчлэхгүй болов уу. Бүрэн эдгээж барилдсан нь өөрт ирээдүйд хэрэгтэй.

Улсын харцага Н.Жаргалбаярыг Мандал сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх гэдгийг тодотгох ёстой байх. Өндөр харцага энэ хавар тун өнгөтэй байгаа. Золгоод татаад явбал ирээдүй их бий дээ. Цолоо баталж ахиулах боломж түүнд хангалттай байгаа. Мөн аймгийн арслан Н.Баярбаатар, Б.Уугандаваа гээд улсад барилдах залуус олон бий.

ХОВД: АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХ ТҮРҮҮЛНЭ ГЭВЭЛ
ДУУ НЭГТЭЙ О.ХАНГАЙГ НЭРЛЭНЭ

Шаравын Ванчинхүү арслангаас хойш түрүү бөх тодроогүй байгаа энэ нутгаас Улсын заан Б.Пүрэвсайхан хэнд ч амаргүй өрсөлдөгч. Томчууд бүгд л бэргэж байгаа болов уу. Дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай, өнөө цагт шуудагнаас хамгийн сайн барилдаж байгаа бөхчүүдийн нэг. Бас л дээшээ барилдах таамагт байгаа.

Улсын харцага Б.Бат-Өлзий бол Сайханаа заантай барилдаан тун төстэй шинэ харцага. Шөвгөрөх, цолоо батлах боломж бүрэн дүүрэн бий. Хэрвээ аймгийн цолтой бөх түрүүлнэ гэвэл Оргихын Хангайг дуу нэгтэй хэлэх байх. Түүний хувьд дөрвийн нугалаа хамгийн хэцүү. Идэр залуу манлай харцагууд дээр л очих болов уу. Тав давчихвал томчуудыг орхиод, арван хоёр оны наадам шиг улсын арслан төрж ч мэднэ. Тэр өдрийн тэнгэр мэдэж.

УЛСЫН ЗААН Б.БАТМӨНХ ШИЙДСЭН МЭХ ХИЙГЭЭД ЯВЧИХАЖ МЭДНЭ

Улсын начин Э.Даш Дундговь нутгийнханд их хүлээлт үүсгэж буй идэр залуу начин. Нэгийг бодож, хоёрыг тунгааж буй биз. Хан Хэнтийгээс төрөн гарсан залуухан арслан Э.Оюунболд шөвгийн наймд төвөггүй зогсох байх. Иртэй бяртай арслан маань уржнан жилийн наадмаар барилдсан шигээ томчуудыг бүгдийг нь унагаад түрүүлж ч мэднэ.

Төв сайхан нутгаас улсын заан Б.Батмөнхийг бөхийн тааварт зайлшгүй оруулах ёстой.  Ч.Санжаадамба аваргыг хавирсан шиг шийдсэн мэх хийгээд явчихаж мэднэ шүү. Бас хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг тахимдах мэх нь байна. Улсын харцага Ө.Даваабаатар бэртэл гэмтлээс болоод ойрд барилдаагүй. Тийм болохоор нэг их өндөр даваанд хүлээгээд хэрэггүй болов уу.

Ш.МӨНГӨНБААТАР ЭНЭ ЖИЛ НЭГ ЮМ ДУУЛГАХ ВИЙ

Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар. Монголчууд түүнийг начин болохыг олон жил хүлээсэн. Энэ жил нэг юм дуулгах байх гэдэгт итгэл төгс байна. Аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү. Арал бяраа зөв ашиглавал түүнийг зогсоох хүн ховор. Аймгийн хурц арслан Н.Золбоо. Чөлөөтийн суурьтай арслан. Мөн л бужигнуулж барилддаг, ирээдүйтэй бөхчүүдийн нэг. Аймгийн арслан Б.Серик барилдаанч залуу. Түүнд улсын цол л дутуу байгаа.

Тааж мэдэхийн аргагүй

Шигшмэл эрсийн өрсөлдөөнийг

Таалж үзэхээс илүү

Шимтэй зүйл үгүй биз ээ

Наадмын өдрийн тэнгэр хэний аавын хүү дээр тод тусахыг хүлээх үлдлээ. Монгол даяараа сайхан наадаарай

About anti

Check Also

МОРИН ХУУР хэрхэн хийдэг вэ

Anti.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ зориулан “ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ” булангаа цувралаар хүргэх гэж байна. …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *