Wednesday , July 15 2020

ХАВРЫН ЭХЭН САРДАА НАМРЫН ТАЛААР АЯЛАХАД /Ханьдаа зориулав. Маргааш айл болсны тэгш ой тохиож байна/

Улаанбаатар. Төрийн ордон. 2017-03-15

“-Байна уу Туулаа, Доогий эгч нь байна аа, миний дүү 19-25-ны хооронд томилолтоор явах нь байна шүү.

-Хаашаа вэ? -Баруун таван аймгаар Ерөнхий сайдтай хамт явах нь ээ.

-Юу… манай хүүхэд, манай хүн”тайлбар тавьж амжилгүй утас тасрав.

Ингэж л 4000 гаруй км аялах аялалын маань эхлэл тавигдсан юм даа. Товлосон 19-ний өдөр юу юугүй болж, өглөөний 6 цагтай уралдан Төрийн ордны зүүн хаалган дээр очлоо.

Үүр хаяарах яагаа ч үгүй, машиндаа сууж хүлээхгүй бол жиндэм янзтай. Манай багийн гишүүд уварч цувараад ирж байна аа. Төд удалгүй Засгийн газрын автобаазын унаа ч ирж, бүгдээр сууж аваад хөдлөв.

Баруун аймгуудыг дайлаар мордох сэтгүүлчдийн баг ийн бүрдэж байгаа маань энэ. Цуваа хотын захад нэгэнтээ зогсоход санаа нийлэхтэйгээ ханисахаар зарим нэг нь унаагаа сэлгэв.

Манай унаанд Ньюс.мн сайтын Давааням, МҮОНТ-ийн “ММ” агентлагийн зураглаач Н.Одбаяр хоёр сууж таарчээ. Одбаяр жолооч хоёул энэ тэр томилолтоор тэгж ингэж явж билээ гэлцэх нь хэзээний танилууд бололтой. Тэдний яриаг сонсвол манай жолоочийг Жагаа гэх ба надтай үе чацуутнууд аж.

Арын суудалд тухалсан Давка бид хоёр ч аминчхан яриа өрнүүлж, зам хороож явахад хурдны заалт 120 км/цаг дээр гацчихсан аятай гозойх нь хол замыг яаж туулна даа гэх зовнилыг аажим аажмаар нимгэлнэ. …

Сайхан цагаан үүлсийг хайрлаарай

Салхины аясаар сарничихна ай хөөрхий

Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай

Зовлон жаргал хуваачихна ай хөөрхий

Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай

Нулимстай нүдийг арчиж хайрлаарай

Чи бидний орчлон ганцхан шүү

Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай … гэх дуу машины зааланд эгшиглэнэ.

Энэ унаанд яваа бид бүгдээр нэг агаараар амьсгалж байгаатай адил нэгэн цул болсон шиг. Өнөөх дуу ухаарал уярлыг зэрэг төрүүлэхийн дээр “Энэ томилолтод явах уу байх уу” хэмээн тээнэгэлзэн байсан шалтгааныг минь сануулах шиг.

Нэг орой ажлаас иртэл манай бага “Ээж, миний цээж дээр юм гарчихаж” гэж байна. “Хөндүүр байна уу” гэвэл “үгүй” л гэнэ. Ойр тойронд нь өөр гарсан юм алга. Нэг их санаа зовсонгүй. Өглөө бостол хүү нэг биш ээ. Халуурч байгаа бололтой.

Өвчин намдаах эм уулгачихаад гэрийнхнийгээ “Өрхөд үзүүлчихээрэй” хэмээн захиад ажилдаа гарав. Өрөөндөө ирсэн хойноо утас цохивол өрхийн эмч “Салхинцэцэг” гэсэн онош тавьжээ.

Гурав дахь өдрөөсөө багын халуун буурч, цэврүү маягийн зүйл нь товхойгоод эдгэрч байгаа бололтой. Гэтэл удалгүй дүүгээс ах руу өнөөх гайхал шилжив. Том маань нэлээн хүндрэм янзтай. Хэдэн өдөр халуураад, тууралт нь ихэсээд байсан үетэй миний томилолтоор явах давхцав.

Хоёр хүүгээ ингэс гээд гайгүй болчих болов уу гэсэн битүүхэн найдвартай. Явсан хойгуур харин хань минь эмнэлэгт хэвтчихвэл яах билээ гэсэн баахан зовнилтой л гэрээсээ гарсан юмдаг. Эхний хэдэн км-т гэрийнхээ үелзэлээс гарч чадахгүй л явав. Аливаа шилжих явц өөрөө хуучин байран сууриндаа илүү ч татагддаг ч биз. Тэр тусмаа гэр орноо ийм байдалд үлдээгээд явж байхад хойш татагдах нь их ч байсан биз.

Хаврын нар нүүр гижигдээд ямар ч сайхан өдөр замд гарч таарсан юм бэ дээ. Ирж яваа цагийн өнгөнд санаа сэтгэл тайтгараад их ажлын өнгө ихэд нааштай байх мэт зөн түрнэ. Энэхүү аялалын сайхныг хамгийн түрүүнд мэдэрч яваа нь Давка маань бололтой.

“Өмнө нь энэ замаар ийм сайхан унаатай ингэж хурдан явж байсан удаагүй. Нэг жил энэ замыг засч байхад бид Говь-Алтай хүрэх гэж оройн бор хоногт Баянхонгорын барааг харж байсан юмдаг. Ёстой сайхан байна аа” гэж ирээд л үнэнээ өчих.

Нээрээ ч нутгийн зүг яваа хүн шиг сэтгэл ханамжтай хүн хэн байх билээ. Одбаяр маань залуу хүн гэхэд бас хашир аа. Судлаач Д.Өлзийбаатар гуайн Монголын түүхийн цахим хураангуйг гар утсан дээрээ хуулаад авчихаж. Түүнийгээ чихэвчээр сонсоод ганц үгний солиогүй, таг чиг.

Жолооч маань өсгөгчөө байн байн чангалан дуу хөгжмөөр хань татах. Бид зам зуур ганц нэг зогссоныг эсвэл тооцвол ердөө 6 цаг гаруйтай л давхиад Баянхонгорын төвд ирлээ. Суурин газар ирснийх хэдэн жолооч маань шатахуунаа базааж авах хооронд ханьтайгаа ярьлаа.

Намайг ордны гадаа хүргэж өгөөд харихад манай хоёр бага сэрээ ч үгүй унтаж байсан юм байх аа. Бидэнд санаа зоволтгүй л гэнэ. Хэзээнээсээ л ингэж ярьж хэлдэг хүн байгаа юм. Ингэж хэлэх тусам л хайр ивлээд байдаг билээ л.

Бидний анх танилцсан түүх зүрх зүсэм, тархи гашлам ээдрээтэй байсангүй. Учрах л ёстой хүмүүс учирсан шиг байгаа юм. Манай нутгийн яруу найрагч, МЗЭ-ийн шагналт А.Эрдэнэ-Очир, хөгжмийн зохиолч Г.Батхуяг хоёр маань “Улаанбаатар пайлс”-т уран бүтээлээ цэнгүүнээ хийх болов оо. Тэр өдөр ажил ихтэй байсан юм уу даг уу, тоглолт эхлэх шахсан үед сандуу мэндүү амьтан үүдэнд нь очтол Азаа маань өөр нэг хүүхэнтэй хамт зогсож байна аа.

Мэнд усаа мэдсэний дараа гэнэт л хаанаас юу хатгасан юм, “Би чамайг ер нь Баатараатай танилцуулна аа. Их сайн залуу. Яг л чамд тохирно” хэмээн нэг их жогтой хэлэх хэрнээ нуг нуг инээж байна. “За мань хүн ч наргиж байна даа” гэсэн шүү юм бодох зуур тоглолт эхлэх дөхсөн бололтой, хүмүүс заал руу хошуураад явчихав. Зааланд ч, тоглолт тараад ч Азаатай таарсангүй. Энэ яриа ингээд мартагдав.

Гэтэл хэд хоногийн дараа Азаа утсаар ярьж байна аа. “Чам руу нэг хүн ярих ёстой. Ярьсан уу” гээд байцаам янзтай. “Үгүй юун хүн” гэтэл Азаа нэлээн ширүүсэх аятай “Яадаг залуу вэ. Эмэгтэй хүн эхэлж ярина ч гэж байхгүй шүү” гэж байна.

Өнөө үг наргиа биш, үнэн болоод явчихлаа шүү. Бидний ярианы дараа нэг их удалгүй миний гар утсанд танилцах утгатай мессеж ирж, бид хоёр лав 2-3 сар харилцсаны дараа нүүр нүүрээ харцгаасан билээ. Анх яаж хэрхэн бие биенээ олж харснаа ярьвал бас л инээдтэй нэгэн түүх бий.

Баянхонгорт ер удсангүй. Цуваа Говь-Алтайг чиглэлээ. Баянхонгороос Говь-Алтай хүртэл 400 км аж. Тэрхүү 400 км замын 240 нь шороон замаараа үлджээ. Түрүүний тухлаг байдал алдагдаад, жолооч хурдаа сааруулсхийн донсолгоо дарах ч сэгсүүлчсээр. Тэгэх нь ээ тэнгэрийн байдал эвгүйрлээ.

Үүнээс хойш хаврын тэнгэр шидээ үзүүлж эхлэв дээ. Алсын бараа харагдахтай үгүйтэй, тэнгэрийн хаяа нилэнхүйдээ улайна. Залуухан бүсгүй аальгүйтэх адил нар үүлний цаагуур нэг орж, нэг бол ил гарах. Тэр тоолонд тэнгэрийн хаяа хэсэгтээ бараантаад, эсвэл бол цайраад л. Нэгэн бодлын бороо орох гээд байх шиг, нөгөө бол шороо шуурах гээд ч байх шиг.

Хавар, намар, өвөл, зун цугаараа нэгдээд биднээр тохуурхан байна уу гэлтэй. Хар замаар давхихад суурин газар, зөрж өнгөрөх унаа тэрэг, өндөр хүчдлийн шон… хөгжил дэвшлийг хардаг бол шороон замаар довтолгоход Монголд төрөхийн жинхэнэ утга учрыг ойлгуулж, мөн чанарыг таниулах шиг танил дотно.

Ядахад шороон замыг хэлэх үү, дугуйн эргэлтээр улаан тоос босоод бусад машин хаа явааг харахын эрхгүй болов. Айл амьтан, ядаж л цахилгааны шон ч үзэгдэхгүй хэсэгтээ давхилаа. Миний дуу дотогшоо ороод хаалганы дээд бариулаас зууран суудал дээрээ тогтож суух гэж хичээж явахад Давка маань л хөгжилтэй байдлаа хадгалагдсаар.

“Энэ юу ч биш. Өмнө нь яаж Говь-Алтай хүрдэг байсан гэж бодно оо. Удахгүй ингээд л орчихно” хэмээн газар баримжаална. Давкагийн хэлсэн энүүхэндийн Говь-Алтай мөд хүрэх болоогүй бололтой. Тэгтэл юу юугүй Давка миний баруун хацрын шонтгор дээр толгойгоороо мөргөөд авдаг юм даа. Тэгэх мөртлөө ихэд санаа зовсон бололтой, цэгцрэх гэж оролдох зуур би бас юу болсныг ойлгох гэж хичээв. Уг нь бид хоёр дундаа хоёр нөөтбүүкээ давхарлаж тавиад холоо сууцгаасан улс.

Замын донсолгоонд Давка шидэгдэж намайг мөргөжээ. Би ч хүн явуулах дуртайг хэлэх үү. “Овоо л гайгүй хүүхэд шиг байсан. Нутгаа дөхөхөөр хүнээ байдаг хүүхэд үү дээ” хэмээн цаашлуулахад Давка элгээ хөштөл инээнэ. Зам хорогдсоор…

Ус шиг урсаад өнгөрөхгүй ч

Уул шиг сууж хамт байгаач ээ

Униар шиг цэнхэртээд холдохгүй ч

Уянга шиг эгшиглээд хамт байгаач ээ

Цаг цагийн аашинд нь инээж эрхэлж хамт байгаач ээ

Цас яргуй хоёрыг угтаж үдэж хамт байгаач ээ … гэх дуу чихэнд хоногшжээ.

Нартай зам… Дуутай зам… Бодол нялхарч, хайр ивэлсэн зам…

Бид хоёр анх хэзээ хаана анх нүүр тулснаа энэ удаад бичихээ орхиё. Хожмын нэг өдөр бичих завшаан тохионо биз ээ. Амьдралын эхний жилүүдэд бидний амьдрал амар байгаагүй. Манай хүн хөдөө томилолтоор явдаг ажилтай.

Заримдаа 2-3 сараар гэртээ ирэхгүй. Нэг ирэхээрээ 14 хоног л амарна. Цагаан сар, наадам, шинэ жил, төрсөн өдөр ямар нэг тэмдэглэлт баяраар гэртээ байхгүй нь олонтаа. Тэр бүрд бидний хэн нь ч нэг нэгэндээ гомдол тунирхал болж байсангүй.

Хамгийн азтай нь дунд хүү маань төрөхөд хань минь амралтаараа ирсэн байж таарч, төрөхийн орон дээр хэвтэж байхад минь орж ирж байж билээ. “Миний хэнз хүү” хэмээн нялхарсан, тэр гэхийн тэмдэггүй хоолойгоор хэлээд хүүгээ үнсэхэд хайр нэвт мэдрэгдэж байсаан, миний ханиас.

Ийм хоолойг би хожим нь аваарт орохдоо дахин нэг сонссон юм. Гэмтлийн эмнэлгийн гадаа хүлээж байсан хань минь намайг машинаас бууж ирэхэд духан дээр минь үнссэнээ “Миний муу хань” гэх хэрнээ амьдралдаа ганц л удаа сонстсон тийм ч олонтаа сонсохооргүй тэр л өнгөөр хэлснийг нь би одоо ч мартдаггүй юм.

Дунд хүү маань дүү “даллажээ”. Одоогийн бидэнд байгаа шиг олон юм бид хоёрт байсангүй. Гэхдээ л хань минь өрхийн тэргүүн хүн шиг “Өөрөө ирсэн хүнийг буцааж болохгүй” хэмээн лүндэн буулгаж билээ.

Хань минь үүнээс өөр үг хэлсэнгүй. Ингэж л бид өнөр болж, гурван сайхан үр хүүхдийн эцэг эх болсон юм даа. Хардах сэрдэх үггүй, өөчлөх гоочлох сэтгэлгүй, томилолтоос томилолтын хоорондох он жилүүдэд манай амьдрал өөдөлж бусдаас илүү харагдахааргүй ч бас дутахаар сайхан айл болж байлаа.

Үргэлжлэл бий.

Б.Туул /МОНЦАМЭ агентлаг/

About galaa n

Check Also

Халуун усны байшин /Хоёр хөгшин хүүхдүүдээ халуун усанд орохоор явлаа л гэж боддогоос биш өөрийг төсөөлөхгүй/

Наранд үдээр шиг борлосон чийрэг нарийхан шилбээ гялалзуулсан арав гаруй насны бор хүү сэргэлэн хар …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *