Thursday , March 21 2019
Home / Uncategorized / Ахмадуудад олгох “Насны хишиг”-ийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Ахмадуудад олгох “Насны хишиг”-ийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Ахмад настануудад олгох “Насны хишиг”-ийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт УИХ-аар  батлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм.

Хууль батлагдсанаар:
65-69 настанд 50.000
70-79 настанд 80.000
80-89 настанд 150.000
90 түүнээс дээш настанд 250.000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа насны хишиг олгохоор болоод байгаа юм.

“Насны хишиг” авахын тулд хэрхэн бүртгүүлэх вэ?

Ахмадууд “Насны хишиг”-ийг авахдаа өнөөдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авч болно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх авч ирж насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Ингээд ирэх сарын 25-наас хойш Хөдөлмөр, халамжийн ерөнхий газартай газартай гэрээтэй банкуудаар дамжуулан авна. Дашрамд сануулахад тухайн банк насны хишгийг өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориотой юм. Насны хишгийн зардалд зориулан 2017 оны улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг тусгасан бөгөөд энэ жил нийтдээ 122.000 орчим ахмад хамрагдана. Ахмад настны тухай хууль нь ахмадуудын нийгмийн хамгааллаас гадна эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих, амьжиргааг тэтгэх, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах гээд олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн хууль боллоо.

“Насны хишиг”-ийн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Майчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

Насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдлээ. Насны хишгийг хэдэн наснаас эхэлж авах вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт азай буурлууддаа ач санах тухай хууль батлуулах, насны хишиг тэтгэврийг олгох гэсэн зорилт тусгасан юм. Үүний дагуу бид тооцоо судалгаа хийж  65 ба түүнээс дээш настай ахмад настнуудад цагаан сар болон үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа насны хишиг олгохоор хуульд тусгасан байгаа.

Үүний дагуу 2017 оны 1 дүгээр сарын.24-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Насны хишиг олгох журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ахмадуудад насны хишиг олгох эрх зүйн орчныг мөн тусгаж өгсөн байгаа юм.

Насны хувьд Засгийн газрын журамд тусгагдсанаар 65-69 настай ахмад настан 50 мянга, 70-79 настай ахмад настан 80 мянга, 80-89 настай ахмад настан 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийг төрөөс олгох шийдвэрлээд байна.

-Насны хишиг хүртэхийн тулд ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Насны хишиг олгох журмын хавсралтаар баталсан өргөдлийн маягт байгаа. Үүнийг бид цахим хэлбэрээр нийгмийн халамж үйлчилгээний байгууллагуудад байрлуулна. Ахмад настнууд өргөдлийг бөглөхдөө иргэний цахим үнэмлэх, түүнийг итгэмжлэн авах төлөөлөгч байгаа бол мөн түүний бичиг баримтыг авч бөглөөд иргэнээр өөрөөр нь баталгаажуулан гарын үсэг зуруулж, өргөдөл хүсэлт гаргасан он сар өдрийг тэмдэглэн анхан шатны баримт бичгийг бүрдүүлнэ. Тиймээс ахмадууд маань оршин суугаа сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандаад насны хишгээ  авах бичиг баримтаа бүрдүүлэх боломжтой.

-Ахмадууд насны хишгийг ямар, ямар банкуудаар дамжуулан авах вэ?

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай гэрээтэй гурван банк болох ХААН банк, Төрийн банк, Капитал банкуудаар дамжуулан Цагаан сарын өмнө болон Үндэсний баяр наадмын өмнө олгоно.

-Өргөдөл гаргах сүүлийн хугацаа хэзээ вэ?

-Тухайн оныхоо 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар өргөдлөө гаргасан ахмадуудад насны хишгийг олно. Цагаан сараас өмнө насны хишиг авах хүсэлтэй ахмадууд заавал цагаан сараас өмнө өргөдлөө гаргаж бүртгүүлэх ёстой юм. Үүнээс хойшхи хугацаанд өргөдлөө өгсөн бол дараа онд насны хишиг авна.Гэхдээ цагаан сараас өмнөх авах иргэд цагаан сарын өмнө бүртгүүлэх ёстойг анхаарах хэрэгтэй.

Б.Чимэг

 /Өргөдөл гаргах маягтын загвар/

Ахмадуудад олгох “Насны хишиг”-ийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

 

ФБ сэтгэгдэл

Check Also

888

МАРГААШ ТЭГШ ТООГООР ТӨГССӨН АВТОМАШИН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга …