Tuesday , September 17 2019
Home / Ярилцах цаг / Т.Төрмөнх: Насны эцэст буцаад явахад миний оршуулган дээр хэдэн хүн ирэх бол гэж боддог

Т.Төрмөнх: Насны эцэст буцаад явахад миний оршуулган дээр хэдэн хүн ирэх бол гэж боддог

15240333_628327987339206_1991714353_n

Энэ удаагийн зочноор улс төр болон намын ажлын хажуугаар,  Монголын гэр бүлүүдийн амар тайван амьдралын төлөө ажиллаж, тэдэнд болохгүй зүйл юу байна, болж буй зүйлүүд юу байна гэдгийг судалж,  үйл хэрэг болгох талаар ажиллаж, зорьж яваа Т.Төрмөнхийг урьж оролцуулсан юм. Тэрээр 2012 оноос АН-ын хэрэг эрхлэх газар орон нутаг хариуцсан Газарт Улс төрийн мэргэжилтэн , Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч,  тус дүүргийн 6-р үүрийн дарга, дүүргийн хэрэг эрхлэх газрын дарга зэрэг нам болон улс төрийн чиглэлээр багагүй хугацаанд ажилласан туршлагатай нэгэн юм байна. Мөн “Эдийн засаг бизнес”-ийн дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж, Улаанбаатар их сургуулийг гэр бүл судлалын магистраар, Удирдлагын академийн төрийн удирдлагын менежер, “Equipping Leaders to reach our world”-ын удирдагч сургагч гэх мэргэжлийг эзэмшсэн зорилготой, санаачлагчтай, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч, манлайлагч залуусын маань нэгэн төлөөлөл юм.

-Ажлын гараа  тань  намын байгууллагаас эхлэлтэй юу. Ер нь яагаад намын байгууллагыг сонгох болсон талаар яриагаа эхлэх үү?

– Өмнө би “Мах импэкс” ХКҮ компанид менежер, УИХ-ын тамгын газар гишүүний бие төлөөлөгч, туслахаар ажиллаж байсан. Түүнээс өмнө Солонгос улсад амьдарч байхдаа Солонгос компанид ажиллаж байсан учраас ажлын гарааг яг намын байгууллага гэж хэлж болохгүй байх. Харин намын байгууллага буюу АН-д орох болсон нь хүүхэд байхаас л манай гэр бүлд ардчилал гэдэг зүйлийн дуу хоолой орж ирсэн. Учир нь манай нагац ах ардчилсан холбооны үндэслэгч юм. Анх Увс аймгийн Баруунтуруун суманд  ардчилсан холбоог байгуулаад жагсаал цуглаан хийж байсан түүхтэй. Тэндээс эхлээд ардчилсан үзлийг дэмждэг болсон гэж хэлж болно.  Тэгээд 2007 онд Ардчилсан намд элсэж дэмжигч гишүүнээр ойр зуур ажлыг нь хийж тэр үеэс намдаа идэвхтэй ажиллах болсон.

-Хүүхэд байхад суусан тэр үзэл насанд хүрсэн ч гэсэн солигдсонгүй юу?

– Өнөөдрийг хүртэл тууштай байсан цаашдаа ч гэсэн тууштай явах байх.

15228117_628328040672534_1067952016_n

Таныг АН-д орсон цагаас хойш өөрчлөлт , шинэчлэлт хэр хийгдэв. Намын залуу боловсон хүчний хувьд бодлоо хуваалцаач?

– Намын гал тогоонд ажиллаж байхдаа бүх шатны ажлуудыг хийж үзсэн. Намынхаа ажлаар 21 аймгийг 4 удаа тойрсон. 21 аймгийн нам мөн 332 сумаас 80 гаруй сумаар орж ажилласан байдаг. 1990 оноос өнөөдрийн хүртэл ардчилал гэдэг зүйл маань олон нийтэд түгээгдээд ерөнхий төлөвшил нь тогтоод явж байна. Хүнээр бодох юм бол 26 нас хүрч эрийн цээнд хүрч байгаа залуу юм. Ер нь намынхаа алдсан гэхээсээ илүү оносон зүйлүүдийг нь илүү олж харах юмсан гэж хүсдэг. Өнөөдөр АН түүхэн мөчлөг дээр ирээд байна. 1990 оноос хойш 26 жил болохдоо хийх ёстой зүйлээ хийсэн ч эргээд нэг шинэчлэгдэх цикл ирсэн бололтой. Тиймээс АН-ын удирдлагууд, дээр нь үзэл бодлоороо нэгдсэн залуус маань, мөн намын бүх шатны гишүүд маань энэ зүйл дээр нэлээд дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэр ч үүднээсээ саяхны ҮЗХ-ы хурлаар 12-р сарын 6-ны өдөр болох намын ИХ Хуралтай холбогдох ажлын хэсгүүд гараад нэлээд эрчимтэй бүтээлчээр ажлууд явагдаж байна. Миний харж байгаагаар ардчиллын шинэ дуу  хоолой ирж байгаа юм болов уу гэж харж байгаа. Энэ шинэ дуу хоолой  АН төдийгүй энэ улсын хөгжил, ирээдүйн дуу хоолой байгаасай,  хүчтэй өөрчлөлтүүд гараасай гэж хүсэж байна.

– Өнөөдрийн нийгмийн хөгжлийг хойш татаж байгаа хүчин зүйлүүд таны бодлоор юу вэ?  

– Ганц зүйлээр тодорхойлж болохгүй. Мэдээж улс төрийн оролцоо байгаа ч бас ард иргэдийн оролцоо тун чухал. Нэг үгээр илэрхийлэхэд өнөөдрийн хөгжлийн хувьд энэ бүхнийг хойш татаж байгаа зүйл бол оюун санааны ядуурал юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монгол улс маань тодорхой хэмжээгээр хөгжиж байгаа, хөгжих ёстой процессоороо бол хөгжөөд явж байгаа. Үүнээс илүү хурдацтай явахад саад болж байгаа зүйл дээр хэлсэнчлэн оюун санааны ядуурал. Тиймээс ганцхан төрийн оролцооноос хойш татагдаж байна гэж хэлж болохгүй. Мөн төр иргэн хоёр хамтарч байж л илүү их хөгжлийг бий болгох болов уу.

– Оюун санааны доройтол гэснээс хүнийг ажилтанд хүргэдэг хүчин зүйл таны бодлоор юу вэ?

– Хүнийг ажилтанд хүргэхэд маш олон чухал хүчин зүйл нөлөөлөх байх. Гол зүйл нь зорилго,  зорилготой байж зорилгодоо хөтлөгдөж түүндээ шатаж байж л амжилтанд хүрдэг. Нөгөөтэйгүүр хүсэл тэмүүллээс гадна,  мэдлэг боловсрол, ур чадвар ч нөлөөлнө. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад хамгийн гол хүчин зүйл нь харилцаа, хувь хүний хичээнгүй зүтгэл юм болов уу.  Нийгэмд хүн харилцаанд орж байж амьдарч байгаа. Харилцаанд орсноороо хүний хийж хөдөлмөрлөж бүтээж байгаа зүйлс цэцэглэж, бусадтай ойлголцож, амжилтын эхний алхмууд тавигдаж байгаа болов уу гэж бодож байна. Тиймээс хамгийн зөв харилцаа л амжилтанд хөтөлнө.

15225189_628327720672566_525844490_o

– Үнэ цэнэ гэж таныхаар юу вэ? 

-Үнэ цэнэ гэж миний амьдрал, надад өгөгдсөн бүх зүйл. Хүн үнэ цэнэтэй зүйлдээ л бүх сэтгэлээ өгдөг.

-Та ирээдүйгээ төсөөлж үзсэн үү хэрэв төсөөлж байсан бол таны ирээдүй  ямар байх бол?

– Мэдээж төсөөлөлгүй яахав. Олон хувилбараар төсөөлдөг. Өнөөдрийн энэ байдлаараа төсөөлбөл нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон, хүсэж тэмүүлж байсан ажлаа тодорхой хэмжээгээр хийчихсэн эргээд харах ажилтай л байх болов уу. Магадгүй олны төлөө үйл ажиллагаа хийсээр л явах байх.

– Залуу хүний хувьд энэ улс орныхоо төлөө хийчих юмсан гэж бодож явдаг зүйл олон байгаа байх? 

– Олон байгаа. Хамгийн гол зүйл Монголын залуучуудад зөв амьдрал, зорилготой үнэ цэнэ, үнэт зүйл амьдрал гэдгийг ойлгуулаад нэг ч гэсэн хүний амьдралыг өөрчлөх юмсан гэж хүсэж явдаг.  Миний хувьд Монголын гэр бүлүүд аз жаргалтай амар тайван байгаасай,  энэ талаар олон ажил хийхийг хүсдэг. Тэр ч үүднээсээ би гэр бүлийн судлалаар магистерийн зэрэг хамгаалсан. Эцсийн дүндээ Монгол эх орон минь хөгжин дэвшиж хөгжилтэй орнуудын жишиг улс байгаасай нийгэм минь сайн сайхан байгаасай гэж мөрөөддөг.  Нийгмийн буюу хүний хамгийн анхдагч харилцаа гэр бүл дээр тогтдог. Гэр бүлд хүн яаж төлөвшиж байна, яаж хүн болохоосоо шалтгаалж нийгмийн харилцаанд ордог.  Тиймээс гэр бүл гэдэг ойлголт, аав хүн ,ээж хүн гэж хэн байх ёстой юм. Гэр бүлийн боловсрол үнэт зүйлийн талаар ойлгуулах юмсан гэж хүсэж явдаг. Нүдэнд харагдах зүйлсээр дүгнэхэд л манайд гэр бүлийн харилцаа, гэр бүлийн боловсрол их ядмагхан байна.

– Ядмагхан гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ? 

– Гэр бүлийн хоорондын харилцаа, үр хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцож байгаа зэрэг маш олон хүчин зүйл багтах байх. Жишээ нь ээж аавууд хүүхдүүдээ ардаа орхичихоод, маш  их ажилтай гээд яваад байдаг. Хүүхэд нь яаж сурч боловсорч, ямар ааш авир сурч байгааг мэдэхгүй. Ганцхан тэр хүүхдэд хэрэгтэй зүйлийн олж өгч байгаагаа тухайн хүүхдийг  сэтгэлийг хангаж байна гэж ойлгох магадлал маш өндөр байдаг. Үнэн хэрэгтээ ямар ч материаллаг зүйл сэтгэлийг хангаж чадахгүй гэдгийг ойлгох нь чухал. Ихэнх аав ээжүүд би мөнгө олох ёстой ингэснээр миний хүүхэд өмсөх хувцастай, идэх хоолтой явна гэж ойлгодог. Тэдгээр юмсыг хангах нь зөв ч  түүнээс илүү хүүхэдтэйгээ харилцах нь чухал. Түүний цаана сэтгэл санааны өндөр өөрчлөлтүүд явагддаг. Хүн ямар сэтгэл санааны өндөр өөрчлөлтөөр хүмүүжиж байгаагаас шалтгаалаад ирээдүй нь зурагддаг. Сэтгэл дотроо юу зурж байна. Түүнээсээ шалтгаалаад гарч байгаа харилцаа  чухал. Тухайн хүн мянган мэдлэг боловсрол олж аваад , мөнгө санхүүгийн хувьд хангалттай байгаад, эдлэх ёстойгоо эдэлсэн ч гэсэн зүрх сэтгэл нь хоосон байвал харамсалтай.

-Тэгвэл ээж аавууд энэ тал дээр  юуг анхаарах ёстой вэ? 

-Гэр бүл хүүхдүүдээ анхаарч, цаг гаргах ёстой. Ихэвчлэн хүүхэд нь хамт кино үзье хамт хоол идье, хамт тоглоё  гэхэд завгүй, дараа гэж хэлдэг. Сүүлийн үеийн үзүүлэлтээс харах  юм бол ихэнх гэр бүлийн хувьд цаг зарцуулалт бага байгаа.

– Таны тухайд танай гэр бүлийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил ямар байдаг вэ? 

– Манай гэр бүлийн тухайд долоо хоногийн 1 өдрийг гэр бүлийн цаг гэж гаргадаг. Бүтэн сайн, хагас сайн өдрийн аль нэгийг заавал зориулдаг. Миний хувьд гэвэл мэдээж хүүхдүүдтэйгээ ярилцах гэхдээ насных нь хэмжээнд ярилцдаг. Ингэхгүй аавын ч юм уу ээжийн харилцаагаар харилцаад байвал тухайн хүүхдийг ойлгохгүй. Харин тэр хүүхдийн дүрд ороод ярилцвал сэтгэлээсээ ярилцаж чаддаг. Ийм аргаар л хүүхдээ хүмүүжүүлэхийг хичээдэг.

– Та өөрөө өөрийнхөө чадвар, чадамжийг  үнэлбэл хэдэн хувьтай гарах бол?

– Хүн өөрөө өөрийгөө үнэлнэ гэдэг хэцүү боловч өөрийгөө үнэлэхгүй амьдарч бас болохгүй. Тэгэхээр мэдээж би өөрийгөө үнэлбэл 100 хувь гэх боловч өөр хүн намайг үнэлбэл бодитой тоо гарах байх. Хүн алддаг, онодог гэдэг үг байдаг ч хүн өөрөө өөрийгөө үнэлж байгаа үнэлэмжээрээ л амьдарч байгаа. Мөн үнэлэмжийнхээ хэрээр бас бусад харилцаанд ордог. Хамгийн бодитой үнэлгээг  гэр бүлийнхэн маань, ойр дотнын хүмүүс маань л гаргах байх тэгэхээр одоо бол эхнэр маань л бодит үнэлэх болов уу.

– Баян хүн гэж ямар хүнийг хэлдэг ?  

– Би баян хүн. Зорилгоороо баян хүн. Баян хүн гэдэг тодорхойлолт өнөөгийн нийгэмд арай өрөөрөө тодорхойлогдоод байх шиг байна. Магадгүй мөнгөтэй, хүссэн зүйлээ хэрэглэчихдэг. Нүдэнд харагдаж буй зүйлсээрээ бусдаас илүү хүнийг баян гээд байх шиг байна. Миний хувьд бол баян гэдэг ойлголт арай өөр итгэл үнэмшил, зорилгоороо баян хүнийг л баян хүн гэнэ дээ.

15240059_628327984005873_2056400215_n

– Ухаантай хүн гэвэл? 

– Ухаантай хүн гэхээр их сонин санагдаж байна. Хүмүүс энэ ухаантай хүн шүү гэж ярьдаг. Тэр хүнд таалагдсанаараа ухаантай юу эсвэл гаргадаг шийдвэр нь зөв байдгаараа ухаантай юу харьцангуй ойлголт. Миний тухайд ухаантай хүн гэж зөв амьдарч байгаа, амьдралаа зөв авч яваа мөн өөрөөсөө илүү зүйлээс эмээдэг хүнийг л хэлнэ.

-Хүүхэд насныхаа мөрөөдлөөс хуваалцаач?

– Хүүхэд ахуйн мөрөөдөл бол сайхан амьдрах юмсан гэж мөрөөддөг байсан. Тухайн үедээ сайхан амьдрал нь юу байсныг мэдэхгүй юм. Өөрт дутуу байгаа зүйлээ авах юмсан гэж хүүхдүүд боддог. Түүнийг авах нь сайхан гэж боддог байсан ч байж магадгүй. Гэхдээ өнөөдрийн хувьд зорилгоо биелүүлээд, сэтгэл хангалуун амьдарч байгаа болохоор мөрөөдөл маань биеллээ олоод явж байна. Бас нөгөө талаараа зорилгоо биелүүлээд явж байгаа нь сайхан амьдрал байх. Мөн ганцхан би сайхан амьдрах биш, монголын маань гэр бүлүүд сайхан амьдраасай. Энэ бол мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг. Тиймдээ ч энэ чиглэлээр, ТББ-уудын шугамаар олон ажил нийгэмд хийхийг зорьж явна даа.

– Хүний амьдрал бахархал бас харуусал аль  аль нь хосолж байж хорвоо дуусдаг байх таны бахархал юу вэ, өөрөөрөө ямар үед илүү бахархаж байв?

– Хүн болж төрсөн, туулж яваа амьдралаараа л бахархдаг.

15233723_628328184005853_35835324_o

– Судлаач хүний хувьд төлөвшиж амжаагүй  хүүхэд, залуучууд юун дээр анхаарч ирээдүйгээ зурах ёстой вэ?

Ерөнхий боловсролын сурагчид, оюутнууд ч бай ялгаагүй. Маш их мөрөөдөмтгий үе ирээдүйн талаарх бодит төсөөлөл ерөөсөө байдаггүй. Зорилго гэх зүйлийг тодорхой гаргаж ирэх ёстой гэж би боддог. Тухайн хүний амьдрал учраас зорилго байгаа,  хүсэл байгаа ч гэсэн энэ зүйлээ маш тодорхой болгох ёстой. Энэ нийгэмд ямар оролцоотой амьдрахыг хүсэж байгаагаа маш тодорхой болгох хэрэгтэй гэж боддог. Би маш олон залуучуудтай уулзаад явж байхдаа хамгийн түрүүнд  асуудаг нэг зүйл байдаг чиний зорилго юу вэ гэж асуудаг. Зарим нь бол мундаг зүйл ярьдаг. Миний уулзаж байсан залуучуудын ихэнх нь зорилгогүй өнөөдрийнхөөрөө явж байдаг. Тиймээс л зорилгоо тодорхой болгоод ирвэл хийх юмтай болно. Зорилго нь тодорхойгүй учраас л зүгээр байгаад байдаг буруу зүйлрүү татагдах гээд байх зэрэг сөрөг зүйлүүд их байна. Би ч гэсэн өнгөрснөө дүгнэхэд бас л нэг л хариулт байсан. Хүн тодорхой зорилготой л байхгүй бол хаашаа ч хөдлөхгүй өнөөдрөөрөө л амьдарна. Жишээ нь:  Нэг ангийн хүүхдүүд яг нэг төвшинд өсдөг боловч сургуулиа төгссөний дараа эргээд уулзахад амьдрал нь харьцангуй болсон байдаг. Үүгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр зорилгоо зөв тодорхойлоод явж чадсан нь амжилтанд хүрсэн байдаг.

– Таны өнөөдрөөс хойших зорилго юу вэ?

– Дээр хэлсэн. Монголын гэр бүлүүдэд хүрч ажиллана. Энэ миний хамгийн гол зорилго. Үүнийгээ биелүүлэхийн тулд би улс төрийн салбарт явах юм уу, эсвэл төрийн бус байгууллагын шугамаар явах уу, эсвэл мэргэжлийнх нь байгуулагад ажиллах ёстой юм уу гэсэн сонголтууд гарч ирж байгаа. Тиймээс миний өнөөдрийн сонгосон зам улс төрийн зам юм. Улс төрийн салбарт ажиллаад гал тогоонд нь чанагдаад явсан гэхээр улс төрд зорилготой орж ирсэн байх нь. Хэн нэгнийг даган дуурайж орж ирээгүй. Тэгэхээр Монголын өрх гэр бүлүүдэд хэрэгтэй хууль тогтоомжууд юу байна. Энэ хүмүүсийн эрх, эрх чөлөөнд халдаж байгаа зүйлүүд юу байна. Энэ хүмүүсийн амьдралд тулгамдаж байгаа сөрөг зүйлүүд юу байна энэ бүхийг судлах хэрэгтэй байна. Мөн  гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл зэрэгт маш их сэтгэл эмзэглэж явдаг. Тиймээс миний өмнө хийх ажил их байна.  Ялангуяа хүн рүү чиглэсэн ажлууд руу л хамаг анхаарлаа хандуулж ажиллахад зорилгоо болгож яваа.

-Ярианыхаа төгсгөлд хүмүүний амьдрал гэж таныхаар юу вэ?

– Хүний амьдрал бол онгоц юм түр буудаллаад явдаг. Тиймээс энэ богинохон үдлээд буцах амьдралдаа зөв л амьдрах хэрэгтэй. Гэхдээ зөв гэж зүйл юу гэдгийг олж мэдэхийн төлөө л явах ёстой. Бас нэг миний бодол байдаг насны эцэст би буцаад явахад миний оршуулган дээр хэдэн хүн ирэх бол гэж би боддог.Тэгэхээр хэдэн хүн ирээсэй гэж хүсэж байгаагаараа  л амьдрах хэрэгтэй юм  болов уу.

эх сурвалж: “Хүмүүний амьдрал” сэтгүүл

ФБ сэтгэгдэл

Check Also

Н.Алтанхуяг: Бүлэглэлийн засаглал нуран унаж байна

  Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягттай ярилцлаа. -Ерөнхий сайд асан биш Монгол …