Tuesday , September 17 2019
Home / ОЛЛОО / Ан амьтан / Н.Энхсайхан: Нутагтаа “Амьд суварга” босгоё гэсэн уриатайгаар энэ ажлыг эхлүүлсэн

Н.Энхсайхан: Нутагтаа “Амьд суварга” босгоё гэсэн уриатайгаар энэ ажлыг эхлүүлсэн

“Алтайн халиун буга” ТББ-ын тэргүүн Н.Энхсайхантай ярилцлаа. Тэрээр “Олон Улсын Тахь Групп”-ын Монгол дахь салбарын дарга, “Алтайн Халиун буга” ТББ-ын гүйцэтгэх захирлын албыг хашдаг ажээ. Дэлхий дээрх ховор амьтны тоонд зүй ёсоор багтдаг амьтан болох буга нь Монгол улсын бахархалт амьтны нэг бөгөөд сүүлийн жилүүдэд тоо толгой цөөрч байгаа нь харамсалтай. “Алтайн Халиун буга” ТББ нь энэ амьтныг хайрлан хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд хувь нэмрээ оруулахаар байгуулагдсан ба энэ онд Алтай нутагтаа 10 илий нутагшуулах ажлыг эхлүүлээд байна. Уг ТББ-ын хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.

-“Алтайн халиун буга” хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? Энэ талаар яриагаа эхэлье?

-Миний нэг сайн найз байдаг юм. Тэр найз маань өөрөө эдийн засагч мэргэжилтэй боловч байгальд маш хайртай хүн. Найз маань надад нэг удаа хэлэхдээ “Манай Алтай нутгийн буга маш их хомстож байгаа юм байна, би саяхан Хүрээлэн төслөөр үзлээ. 1990-оны эхэн үеэр Лхачинвандад ууланд буга аваачиж нутагшуулж тавьсан нь их амжилттай болсон гэж би сонссон. Тэгээд Алтай нутагтаа буга аваачиж нутагшуулбал яасан юм” гэж надад болон манай бусад найз нөхдөд санал болгосон юм.

Бид өөрсдөө Говь-Алтай аймгийн Хантайширын нуруунд төрж өссөн хүмүүс. Тэгээд бид төрөлх Хантайшир нутгийнхаа бугыг хадгалж хамгаалахын тулд заавал нэг ТББ байгуулж бэлтгэлтэй хөдлөхгүй бол болохгүй юм байна гэдгийг сайн ойлгон энэ ТББ-ыг байгуулсан юм. Энэ ТББ-ыг байгуулснаараа бид төрсөн нутаг болон түүний ан амьтдыг хайрлан хамгаалах тодорхой зорилго агуулж байгаа гэж хэлж болно. ТББ маань анх 2016 онд байгуулагдаад одоо хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.

-Танай ТББ яагаад заавал халиун бугыг хадгалж хамгаалах ажлыг гол чиглэл болгон сонгон авсан юм бэ? Энэ талаараа ярихгүй юу?

-Сая би дээр дурдсан, өнөөдөр манай нутагт бид нарын нүдэн дээр илт цөөрөөд байгаа амьтан бол Алтайн халиун буга байгаа. Тэр үүднээсээ би халиун бугыг өсгөж үржүүлье гэж шийдсэн юм.

-Та бүхэн зөвхөн Говь-Алтай аймаг гэлтгүй Монгол орон даяар нутагшиж байгаа халиун бугын талаар судалгаа хийж үзэв үү? Ер нь Монголд хэд орчим халиун буга байдаг юм бол?

-Би өөрөө амьтан судлаач, биологич хүн. Гэхдээ “Алтайн халиун буга” ТББ-д ажиллаж байгаа бүх залуучууд маань бүгдээрээ биологич, байгаль хамгаалагч зэрэг мэргэжлийн хүмүүс бол биш. Тэр утгаараа бид анхнаасаа Монгол орон даяар байгаа халиун бугад нэгдсэн тооллого хийнэ гэсэн зорилго тавиагүй. Мөн нөгөөтээгүүр бид тийм тооллого хийх эрхтэй албан ёсны байгууллага ч биш. Бид зөвхөн нутгаа гэсэн сэтгэлийн үүднээс энэ ТББ-ыг байгуулсан. Гэхдээ бид энэ ажлыг хийх явцдаа мэргэжлийн байгууллага тухайлбал, ШУА-ийн биологийн хүрээлэнгийн судлаач нарын хийсэн судалгаа, дүгнэлт зэргийг нарийвчлан уншиж, тэдгээр хүмүүсээс зөвлөгөө авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь Монгол орны хувьд халиун бугын тоо толгой 1990-ээд оны эхэн үе буюу зах зээлийн нийгэмд шилжиж эхэлсэн үеэс эрс багассан байдаг. 1980 оны дундуур ШУА–ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа тооллогоор Монгол орон 147 мянган тоо толгой бугатай гэсэн дүн мэдээ байдаг.

Мөн түүнчлэн Улаан-баатарчуудын нүдэн дээр ч гэсэн энэ үзэгдэл илт харагддаг гэдгийг хэн бүхэн мэдэх байх. 1990 оныг хүртэл нийслэлийн ногоон бүсэд буга тааваараа бэлчиж байсныг та бүхэн сайн санаж байгаа байх. Харамсалтай нь одоо нийслэлийн ойр орчимд ямар ч буга байхгүй болсон. 2009 оны үеийн судалгаагаар Монгол оронд бүрэн бус тооцоогоор 10 мянга орчим толгой бугатай болов уу гэсэн таамаглал байсан. Гэхдээ мэдээж хаана хэд хэчнээн буга байгааг бид яг нарийн сайн мэдэхгүй. Тэгэхээр бугын тоо толгой 140 мянга байж байгаад 10 мянга болтлоо буурна гэдэг бол үнэхээр харамсалтай тоо баримт юм. Тэр үүднээсээ энэ чигээрээ байвал Монгол оронд буга байхгүй болох юм байна гэсэн бодол хүн болгонд байгаа гэж бодож байна. Яагаад бугын тоо толгой ингэж цөөрөх болов гэдэг шалтгааныг судлаад үзэхээр нэгдүгээрт 1990-ээд онд мал сүргийг хувьчлаад малын бэлчээр ихэссэнтэй холбоотой байсан.

Мал сүрэг гэнэт ингэж их өснө гэдэг нь байгаль дахь зэрлэг амьтдын бэлчээрлэх газар нутгийг асар ихээр хумина гэсэн үг. Хоёрдугаарт, бугын эд эрхтэн дорно дахины ардын эмчилгээнд ордог учраас зэрлэг ан амьтныг хууль бусаар агнадаг хулгайн анчид бугыг маш ихээр устгаж хөнөөсөнтэй холбоотой байдаг. Мөн бугын чив засаа, сүүл, согооны сав зэрэг нь хятадын анаагаах ухаанд маш ихээр ашиглагддаг юм билээ. Тэгэхээр хулгайн анчид ашиг олох зорилгоор бугыг хайр найргүй алж устган байгаль экологид асар их хохирол учруулж, тэр утгаараа бугын тоо толгой ингэж багассан тоо баримт байгаа юм. Манай нутагт буюу Хантайширын нуруунд бугын тоо толгой мөн маш их багассан тооцоо бий. Өнөөдөр Хантайширын нуруун дахь буган сүрэг Монгол орон дахь бугын тархалтын үндсэн цөм бүсээрээ тусгаарлагдсан байдалтай байна.

Үүнийг тахийн эмгэнэлт жишээн дээр тайлбарлаж болно. Монголд одоогоос 100 жилийн өмнө тахийн сүрэг байж байгаад дараа нь янз бүрийн шалтгаанаар цөөрсөөр эцэст нь бүр мөсөн устаж алга болсон байдаг. Тэгээд тэр амьтныг эргээд бий болгож нутагшуулахын тулд сүүлийн 20 гаруй жилд тахид хайртай, адуунд хайртай хүмүүс ямар их хүч хөдөлмөр зарцуулж байгааг бид бүхэн сайн мэднэ. Тэр үүднээсээ буган сүрэг маань тэр аймшигтай түүхийг битгий давтаасай гэсэндээ энэхүү үйл ажиллагааг сайн дураараа хийж байгаа юм. Бид энэ талаар хоорондоо маш их ярилцаж байгаа бөгөөд бас бусдад аль болох боломжийнхоо хэрээр хэлж тайлбарлахыг хичээн ажиллаж байна.

-Та бүхний эхлүүлсэн энэ ажлыг төр засгаас хэр дэмжиж байгаа вэ? Байгаль орчны яамныхантай хамтарч ажилладаг уу?

-Мэдээж бид нар өөрсдөө дангаараа энэ ажлыг хийх нь маш хэцүү гэдэг нь ойлгомжтой. Тэр болгонд бид нарын хүч чадал хүрэхгүй юм байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох ёстой. Тиймээс манай ТББ холбогдох бусад төрийн байгууллагаас тусламж дэмжлэгийг зайлшгүй авах шаардлагатай. Түрүүн би хэлсэн, бидний үүсгэн байгуулсан энэ ТББ-д байгаль хамгаалах чиглэлийн мэргэжлийн нэг ч хүн байхгүй, өөр өөр төрлийн ажил мэргэжлийн хүмүүс байгаа гэж. Тийм болохоор бид тэдгээр байгууллагуудаас тусламж дэмжлэг авахаар ажиллаж байна. Тэд ч бид нарыг бас дэмжиж байгаа.

Нэг үеэ бодоход монголчууд ан амьтнаа хамгаалъя, байгаль дэлхийгээ хамгаалъя гэж боддог болж. Жишээ нь Байгаль орчны яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн манай ТББ-ыг ойлгож дэмжиж, зохих хэмжээний шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг өгсөн. Бид нар энэ ажлыг хийхдээ халиун бугыг сэргээн нутагшуулах, мөн гаршуулах, тэжээх аргачлалыг зайлшгүй мэдэж байх ёстой. Бас бидний хийж эхлүүлж байгаа энэ ажил шинжлэх ухааны үндэслэл, аргачлал дээр тулгуурлах ёстой. Түүнээс биш хэдэн нөхөд хоорондоо ярьж сууж байгаад ан амьтнаа хамгаална гээд хэд таван төгрөг нийлүүлээд энэ бүх ажил явчихна гэж мэдээж байхгүй.

Тэрхүү аргачлалыг байгаль орчны мэргэжлийн байгууллага, Монголын анчдын нийгэмлэг зэрэг байгууллагууд боловсруулж өгсөн юм. Тэгээд бид тэр аргачлалын дагуу бугын зулзага илийг яаж тэр нутагт аваачих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн үүний зэрэгцээ бидний ажлыг орон нутгийн захиргаа дэмжин ажиллаж байна. Орон нутгийн захиргаанаас бугын илийг зөөлөн суллах аргаар байгальд тавихад дэмжлэг үзүүлж, хашааны хөрөнгө мөнгө болон хашааны газрыг олгож өгч байна. Түүнчлэн энэ буга нутагшуулах ажлыг Говь-Алтай аймгийн Засаг дарга өөрийн мөрийн хөтөлбөртөө багтаан дэмжиж батламж гаргаад хамтарч ажиллаж байгаа.

-Одоогоор буга нутагшуулах ажлын үйл явц ямар шатанд явж байна.

-Энэ жил бид хоёр дахь жилдээ Төв аймгийн Хустайн нуруунаас буга, бугын төл илийг Хантайширын ууланд нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Яагаад Хустайн нурууг сонгосон гэхээр Хустайн нуруу бол Монгол орны хэмжээнд хамгийн сайн хамгаалагдсан өөрийн гэсэн менежменттэй газар юм. Тэнд өнөөдөр тахь, буга аргаль, цагаан зээр болон бусад ховор амьтдын тоо толгой зохих хэмжээнд хүрсэн байгаа нь ажиглагдсан. Тэр ч утгаараа тэндээс буга авах нь хамгийн тохиромжтой юм болов уу гэж тус цогцолбор газрын мэргэжилтнүүдтэй бид ярилцаад тэндээс авсан юм.

Тэгээд 2017 онд 10 илий, энэ жил бас 10, нийлээд 20 илийг Хустайн нуруунаас барьж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Эхний жилд бид нарт бугын илийгээ бариад тэжээх, арчлах, дасгах, хамгаалж байршуулах гээд зөндөө олон мэдэхгүй чадахгүй юм байсан. Харин энэ жил бид харьцангуй өмнөх жилээсээ туршлагажаад гайгүй болсон гэж хэлж болно. Сая бид өнгөрсөн долдугаар сарын 7-нд, яг наадмын өмнө Хустайн нуруунаас Хантайширын нуруунд 10 илийг амжилттай хүргэж нутагшуулж чадлаа.

-Тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүд юу байна вэ?

-Мэдээж энэ ажлыг хийх явцад бэрхшээлгүй бүх юм сайхан явна гэж юу байхав. Өвөлжилтийг яаж даван туулах вэ, бугын зулзагануудаа яаж тэжээх вэ, хөрөнгө санхүүгээ хаанаас олох вэ зэрэг маш олон хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байсан. Гэхдээ бид аль болох энэ ажлыг олон хүнийг хамруулж хийж бүтээх юм сан гэж зорьж байгаа. Магадгүй бид нар томхон компанид хандаад ийм ажил хийж байна гэхэд тухайн компани биднийг дуртайяа дэмжих байх. Тэр компани нь бид нарт хандаад манай компани л энэ ажилд чинь хөрөнгө оруулаад явчихъя гэсэн санал тавьж болох юм. Тэгэхээр бид бас үүнд тийм дуртай биш байгаа.

Яагаад гэвэл, энэ ажилд олон хүний гар бие оролцох ёстой. Олон хүний жижиг жижиг хандив орох юм бол нэгдүгээрт энэ төсөл хэзээ ч доголдохгүй. Яагаад доголдохгүй вэ гэвэл, өөр олон хүн дэмжээд зэрэг явж байгаа учраас доголдохгүй гэж үзэж байгаа юм. Бас нөгөө нэг шалтгаан нь ганцхан том хөрөнгө оруулагчтай  байсан тохиолдолд цаад компани нь гэнэт дэмжлэгээ зогсоовол бид нарын ажил 100 хувь эрсдэлд орох аюултай гэж үзэж байгаа. Яг одоо энэ ажлын гол фронт дээр 1994 оны Говь-Алтай аймгийн Алтай хотын нэгдүгээр 10 жилийг төгссөн залуучууд зогсож байгааг энэ ташрамд хэлье. Тэр үүднээсээ хэлэхэд манай ангийнхан бусад хүмүүсээс нэг ялгаатай тал нь хамт уулзахаараа архи дарс ууж, элдэв хов жив ярих биш, нутаг усныхаа төлөө нэг сайн үйлс бүтээж төрсөн нутагтаа “Амьд суварга” босгоё гэсэн уриатайгаар энэ ажлыг эхлүүлсэн юм. Ингэж бид хамтраад нутаг орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж чадвал өссөн, төрсөн нутаг усаа хойч үедээ үлдээж чадах юм.

-“Алтайн халиун буга” ТББ-ын ойрын болон хэтийн төлөвлөгөөний талаар ярина уу?

-Яг одоогоор бид нар цаашдын төлөвлөгөөнийхөө талаар хэлэлцээд явж байна. Эхний ээлжид бид ямар ч байсан ойрын гурван жилд энэ ажлаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Цаашдын ажил гэвэл бид Хасагт хайрханы нуруунд болон арай нэг өөр газарт буга аваачиж тавих бодолтой байгаа. Мөн буга болон уулын туруутай амьтдын тооллого судалгааг аймаг орон нутгийн захиргаа болон Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтарч хийхээр төлөвлөж байна.

Үүгээрээ бид өөрсдийн хийсэн ажлыг тодорхой хэмжээнд хэмжих боломжтой болох юм. Мэдээж энэ ажлыг хийхдээ дээр дурдсан мэргэжлийн тусгай аргачлалын дагуу хийх нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ бид энэ ажлынхаа талаар хүүхэд залуучуудад мэдээлж, тэдэнд үлгэр дууриалал үзүүлэхийг зорих болно гэдгээ энэ ташрамд хэлэхийг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье.

ФБ сэтгэгдэл