Friday , July 19 2019
Home / МОНГОЛ / Монгол бахархал / Н.Түвшинбаяр “Төрийн өндөр дээд шагнал хүртэх болсондоо баярлаж басхүү эмээж байна

Н.Түвшинбаяр “Төрийн өндөр дээд шагнал хүртэх болсондоо баярлаж басхүү эмээж байна

Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ жилийн шагналын эзнээр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаярыг тодруулсан гэдгийг өчигдөр олон нийтэд зарласан юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол ахуйгаас урган бойжсон, дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэж, монгол түмний сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэж явах ховор хувь заяанд төрсөн Монгол бахархал – Найдангийн Түвшинбаяр Танд гүн хүндэтгэл, талархал илэрхийлье” хэмээсэн юм. Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртсэн 11 дэх хүнээр тодроод буй Н.Түвшинбаярын тухай 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Найдангийн Түвшинбаяр нь 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төржээ.

Баримт 2. Н.Түвшинбаяр эхээс мэндлэхдээ 5,5 кг жинтэй төрж анхнаасаа биерхүү нэгэн байсан нь түүнийг ойр тойрны хүмүүс, нутгийнхан нь бөх болно хэмээн өхөөрдөж, бэлэгшээж байсан гэдэг.

Баримт 3.   Түүний аавыг Т.Найдан гэдэг бөгөөд тэрээр ОУХМ юм. Харин ээжийг нь Д.Цэнд-Аюуш  гэдэг аж.

Баримт 4.   Н.Түвшинбаяр эхээс долуулаа. Дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын отгон хүү бөгөөд ихэр эгч, ихэр ахтай юм байна.

Баримт 5.   Долоон настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн тэрбээр гуравдугаар ангиасаа эхлээд гэрээсээ сумын сургууль хүртлээ 30 гаруй км зайтай газар дугуйгаар явдаг байсан нь ирээдүйн аваргын бэлтгэл болж байжээ.

Баримт 6.    Н.Түвшинбаяр нь Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургуулийг 2002 онд, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Баримт 7. Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор барилдаж байсан байна.

Баримт 8. Харин нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлжээ.

Баримт 9.  Н.Түвшинбаяр 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн юм.

Баримт 10.  Н.Түвшинбаяр 2006 оноос Монгол Улсын Жудогийн үндэсний шигшээ багийн тамирчнаар ажиллаж байна.

Баримт 11.   Эхнэр, дөрвөн хүүхдийн  хамт амьдардаг.

Баримт 12. Эхнэр Б.Оюунбилэг нь Алдарт эхийн хоёрдугаар одонг Ерөнхийлөгчөөсөө хүртсэн алдар ээж юм.

Баримт 13. Тэрбээр 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол улсаа төлөөлөн барилдаж анхны олимпийн алтан медалийг эх орондоо  авч ирсэн бол Лондон 2012 олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ.

Баримт 14. 2008 оны олимпийн дараа өгсөн ярилцлагадаа “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад, хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэсэн байдаг.

Баримт 15. Түүнчлэн 2008 оны Бээжингийн олимпийн алтан медаль хүртсэний дараа шагнал гардуулахын өмнө “Х.Баттулга ерөнхийлөгч намайг тэврээд уйлсан. Хүн хүнийхээ төлөө баярлахын эрхэм дээд илэрхийлэл тэр шүү дээ” хэмээн Хөдөлмөрийн баатар маань дурсдаг.

Баримт 16. 2008 оны 8-р сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулсан юм.

Баримт 17. Түүний 2012 онд Олимпийн хос медальтан болсны дараагаар “Могой тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр “Монгол доголсон ч Солонгосын дайтай” гэсэн үгийг гаргасан.

Баримт 18. Олимпийн хос медальтан Н.Түвшинбаяр Унгарын нийслэл Будапеш хотод болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жин өгсөж барилдан +100 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн юм.

Баримт 19. Н.Түвшинбаяр Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэний дараа “Өөрийн хүсч мөрөөдөж байсан медалиа магадгүй сүүлийн Дэлхийн аваргаасаа хүртлээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.

Баримт 20. ДАШТ-ий +100 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, ялалт байгууллаа.

Баримт 21. “Бээжин-2008” олимпийн аварга, “Лондон-2018” олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр ДАШТ-ий эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны жүдоч Ержан Шынкеевийг цэвэр ялсан.

Баримт 22. Түүний сонгуульд ажлыг дурдвал, 2009-2013 онд Олон улсын жудо бөхийн холбоонд Олон улсын жудо бөхийн тамирчдын зөвлөлийн жинхэнэ гишүүн, 2015 онд Гадаад харилцааны яамны урилгаар Монгол Улсын Соёлын элч, 2010 оноос одоог хүртэл Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчөөр ажилладаг байна.

Баримт 23. Н.Түвшинбаяр энэ бүх амжилтын дотор 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж “Чинис хаан” одонг хүртээхээр шийдвэрлэсэн байна.

Баримт 24. Тэрбээр “Чингис хаан” одон хүртэх болсон талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголынхоо нийт ард түмэнд өвлийн тэргүүн сарын мэндийг айлтгая. Шагналд баярладаггүй хүн байдаггүй болов уу. Мэдээж би их баяртай байна. Үүний зэрэгцээ төрийн өндөр дээд шагналыг  хүртэнэ гэдэг  маш  өндөр хариуцлага байдаг учраас бас  эмээж байна. Энэ их  хариуцлага, итгэл найдварыг дааж явах  үүрэг надад оногдлоо. Ард түмнийхээ хайр хишиг, ивээлийг дааж явна гэдэг өөрөө маш чухал зүйл” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.

24tsag.mn 

ФБ сэтгэгдэл

Check Also

Ар Халхын 88 шидтэй Наро Банчэн хутагт

  Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэй, нар аргамждаг хэмээн олноо домогшин …