Sunday , June 16 2019
Home / Uncategorized / М.ЭНХБОЛД: АРД ТҮМЭН ОЙЛГОХ ЦАГ ИРНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

М.ЭНХБОЛД: АРД ТҮМЭН ОЙЛГОХ ЦАГ ИРНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 65 гишүүн ирснээс 66.2 хувийн саналаар УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөхийг дэмжсэн юм. М.Энхболд УИХ-ын даргаас огцорсныхоо дараа чуулганы индрээс үг хэллээ.

Тэрбээр “УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийг баталж, би хуулийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр тохиож байна гэж би харж байгаа. Дахин энэ хуулийн заалтыг ашиглаж, хэн нэгэн даргыг чөлөөлөхгүй байх гэж найдаж байна.

Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж би ам бардам хэлнэ. Өмнөх парламентаас бид илүү байсан. Эдийн засгийн уналтад орсон үед ажлаа эхэлж байсан.

Бид төрийн албыг шинэчлэх талаар хуулийг баталж, үүнийг дагалдах журмуудыг баталж байгаа. Дадлагатай туршлагатай хүмүүс төрийн албанд ахиж дэвшдэг чухал хууль батлагдсан.

Улс орны өмнө тулгамдаж байгаа иргэдийг бухимдуулж байгаа олон асуудалд анхаарал тавьж байсан.

Иргэдийн амьдрах нөхцөл амаргүй байгаа учраас ярьж, шүүмжилж байгаа асуудлыг зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Харин би өнөөдөр жагсаал цуглааныг зохион байгуулсан залуустаа хандаж үг хэлмээр байна.

20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бүх асуудлыг шийдвэрлэж байна гэж харуулахад намайг харлуулах хэрэгтэй байсан юм болов уу. Над руу хар будаг их цацсан. Би тэр их хар будгийг цагийн эрхэнд, нар салхины аясаар хагдран алга болно гэж найдаж байна. Миний хийсэн бүтээснийг ард түмэн ойлгох цаг ирнэ гэж найдаж байна.

Надад эцэг эхээс олгосон хүмүүжил, энэ төрөөс олж авсан хатуужил бий. Харин эхнэр хүүхдүүдэд минь хандаж жагсаал хүртэл зкохион байгуулсан явдал боллоо. Би тэр үед жагсаал зохион байгуулсан хүмүүсийн өмнөөс гэр бүлийнхнээсээ уучлал гуймаар болж байсан.

Би МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтар түүхтэй хүн шүү.

13 жилийн өмнө МАНАН-гүй Засгийн газарт миний оруулж байсан хүмүүс энэ сарын 25-нд намайг огцруулахаар гарын үсэг зурсанд харамсч байна.

Намайг УИХ-ын даргад, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хэн ч намайг МАНАН-гийн толгойлогч гэж хэлж байгаагүй. Хүмүүс ийм хурдан өөрчлөгдөж байна” гэлээ.

 

ФБ сэтгэгдэл

Check Also

ЦАГДААГИЙН ОФИЦЕРУУД СОГТУУРСАН ҮЕДЭЭ НУДАРГА ЗӨРҮҮЛЖЭЭ

Цагдаагийн офицерууд согтуурсан үедээ нэгнийхээ биед гар хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар …