Tuesday , September 17 2019
Home / МОНГОЛ / Монгол ахуй / Бий биелгээний дохио зангааны бэлгэдэл зүй

Бий биелгээний дохио зангааны бэлгэдэл зүй

Монгол олон ястны бүжгийн хөдөлгөөн, дохио зангаа нь бас бэлгэдлийн цогцолбор чуулбарын шинжтэй. Монгол бүжгийн эх үүсэл бол дуу, хөгжим, дүрслэх чимэглэх урлаг, бүжиг хөдөлгөөний нийлэг байдлыг агуулсан эртний нийлэг зан үйл юм. Ер нь эртний энэхүү зан үйлийг монгол хэлээр голдуу “наадан”  хэмээн нэрлэдэг бөгөөд хожим “бүжиг наадан” гэсэн хоршоо үг болжээ. Энэхүү “наадан” бол голдуу үдэш оройн цагаар түүдэг гал тойрон, эсвэл саглагар мод тойрон гар гараасаа барилцан дэвсэн бүжиглэдэг хам олны бүжиг наадан бөгөөд эхлэгчээс ямар нэгэн айзамт үгсийг (утга ойлгомжгүй байх нь элбэг) онц чангаар дуудан эхлэснээр бусад нь даган түрж, хөл дэвсэн, гар сажин олноороо бүжиглэдэг байжээ. Эл хам олны дундаас онгод урмастаа эзлэгдсэн хэн нэг нь түрэн гарч ирээд олны дунд гагцаар гоцолж, бусад нь дэврээн дэмждэг байсан зэргээс ганцаарчилсан бүжиг гарсан байж болох юм. Баруун Монголын биелгээг малаа хотлуулчихаад, сарны гэрэлд харуй бүрийгээр гэрийн зүүн хаяаны (багсын) туургыг сөхчихөөд, наагуур нь цагаан даавуу татаад цаад биед нь биелгээч (бийч) биелж, наад талд гэр дотор икэлч иклээ татаж байдаг аж. Сарны гэрэлд цагаан даавуун дээр биелгээчийн (бийчийн) сүүдэр тусахад багш нь хэрхэн яаж хөдлөхийг заадаг байсан аж.  Эмэгтэй хүн биелэхэд гэрийн зүүн хаяа (багс) сөхдөг, эрэгтэй хүн биелэхэд баруун (багс) сөхдөг нь цөм бэлгэдлийн утга учиртай юм. Баядууд аз жаргал, сайн сайхнаа хүсэн ерөөж залбирч биелэх нь элбэг бөгөөд дээш доош нь залбирах юмуу толгойгоо хоёр тийшээ ээлжлэн дохиж залбирч биелэж байгаа нь “муу юм цаашаа, сайн юм наашаа” гэсэн бэлгэдэл утгыг илэрхийлдэг бол хавсран залбирсан гараа урагш сунган арагш татан биелбэл хур бороо дуудан биелж байгаа хэрэг юм байна. Баяд, дөрвөдийн “Мөргөл биелгээ”, хотонгийн “Такмоо”, “Аяс”, захчины “Сацал” зэрэг мөргөлийн чанартай биелгээ   нь уул ус, хангай дэлхийгээ тахиж буйг, хормойгоо дэвсэж, дөрвөн тал, найман зовхистоо мөргөж, сацал өргөж буйг бэлгэдэн дүрслэж биелэдэг учиртай болно.

ФБ сэтгэгдэл

Check Also

Монгол үндэстний уртын дуу

Монгол үндэстний ардын дууг уртын болон богино дуу гэж ангилдаг. Уртын дууны үг нь цөөн …